ГАДААД ПАСПОРТ

2024-08-08


Засгийн газрын 2017 оны 94 дүгээр тогтоолын дагуу 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн гадаад паспортын хүчинтэй хугацааг сунгахгүй байгаа болно.

Арабын Нэгдсэн Эмират Улс болон Саудын Арабын Хаант Улсад оршин суугаа Монгол Улсын иргэн Та дараах тохиолдолд энгийн гадаад паспортаа шинээр авна. Үүнд:

  • Паспортаа алдаж үрэгдүүлсэн эсхүл гэмтээсэн;
  • Паспортын хуудас дууссан;
  • Паспортын хүчинтэй хугацаа дуусахаас 6 сарын өмнө;

Бүрдүүлэх материал:

  • Гадаад паспорт шинээр авах мэдүүлгийн маягт бөглөх
  • Гадаад паспорт авах тухай ЭСЯ-нд хандаж бичсэн хувийн өргөдөл /Холбоо барих хаяг, утасны дугаараа бичсэн байх шаардлагатай/;
  • Иргэний үнэмлэхний хуулбар /Хэрэв иргэний үнэмлэхний хүчинтэй хугацаа дууссан бол  иргэний шинэчилсэн бүртгэл хийлгэх шаардлагатай. Монгол Улсын иргэний үнэмлэхийг 16 нас хүрсэн иргэнд анх удаа, 25, 45 нас хүрсэн иргэнд шинэчлэн сольж олгодог бөгөөд иргэд тухай бүрд шинэчилсэн бүргэлд дахин хамрагдах шаардлагатай/;
  • Хэрэв 16-аас доош настай бол төрсний гэрчилгээ, эцэг, эх буюу асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэхний хуулбар;
  • Гадаад паспортаа үрэгдүүлсэн бол цагдаагийн газрын тодорхойлолт;
  • Гадаад паспортын хуудас дууссан эсхүл гэмтээсэн тохиолдолд тухайн паспортын хуулбар;
  • Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 51 х 51 мм (2 х 2 инч) хэмжээтэй 4 хувь цээж зураг /Цагаан фонтой, нүдний шилгүй, нүүрний өндөр 32-36 мм-ийн хэмжээтэй нийт зургийн 90%-ийг эзэлсэн, эгц харсан, дух, чихний хэсэг ил гарсан байх, мөн зурагнаас татаагүй, компьютерээр засварлаагүй байх/;

 

  • Паспортын төлбөр - 50 ам.доллар (182.50 дирхам);

 

 Бусдад итгэмжлэл олгох замаар шинэ паспорт захиалах.

Танд шинэ паспорт яаралтай захиалах шаардлага бий бол Монгол Улсад оршин суугаа хүнд итгэмжлэл олгох замаар захиалгыг шуурхай гүйцэтгүүлэх боломжтой. Шинэ паспортыг итгэмжлэлээр захиалж буй иргэд эхлээд итгэмжлэлийн маягт бөглөн Монголд хүлээн авах хүнд итгэмжлэл олгон дараа нь шинэ паспорт гаргуулаад тухайн хүнээрээ дамжуулан олон улсын буухиа шуудангаар хүлээн авч болно.

Итгэмжлэл олгох замаар Улаанбаатар хотод паспорт захиалуулах тохиолдолд таны итгэмжлэлийг манай консулын ажилтан Монгол Улсын Гадаад харилцааны яамны Консулын газар руу илгээдэг. Таны итгэмжлэгдсэн хүн уг итгэмжлэлийг Консулын газар өөрийн биеэр очиж хүлээн аваад Улаанбаатар хот дахь Улсын Бүртгэлийн Ерөнхий газар ба нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд хандан таны өмнөөс танд шинэ паспорт захиалах юм.

Ийнхүү итгэмжлэлээр паспорт захиалж байгаа тохиолдолд шинэ паспорт авахад тавигддаг хэмжээ, өнгө дүрсний чанар шаардлагыг сайтар хангасан өөрийн цээж зургийг итгэмжилсэн хүндээ файл хэлбэрээр нь цахим /и-мэйл/ аргаар илгээх шаардлагатайг анхаарна уу