АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСЫН ДУБАЙН УГСАА ЗАЛГАМЖЛАХ ХАНХҮҮ, ЭРХЭМ ДЭЭД ШЕЙХ ХАМДАН БИН МУХАММАД БИН РАШИД АЛЬ-МАКТУМ-ТАЙ УУЛЗАВ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр АНЭУ-ын Дубай эмиратын Угсаа залгамжлагч Ханхүү Эрхэм дээд Шейх Хамдан бин Мухаммад бин Рашид Аль-Мактум-тай уулзаж хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов.
Уулзалтын үеэр хоёр тал хөрөнгө оруулалт, худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, хөдөө аж ахуй, ногоон хөгжил, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, аялал жуулчлалын чиглэлээр харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжуудын талаар дэлгэрэнгүй ярилцав.
Дубайн Угсаа залгамжлагч Ханхүү, Шейх Хамдан бин Мухаммад бин Рашид Аль-Мактум хамтран хэрэгжүүлж болох төсөл, хөтөлбөрүүдийн талаар иж бүрэн судалгаа хийх мэргэжилтнүүдийнхээ багийг Монгол Улсад ажиллуулахаар шийдвэрлэв. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дээд, өндөр түвшний айлчлал чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв.
Эрхэм дээд Шейх Хамдан бин Мухаммад бин Рашид Аль-Мактум-ыг Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлахыг Монгол Улсын Ерөнхийлөгч урьсан болохыг ЕТГ-ын дарга Я.Содбаатар уламжлав.