images

АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСЫН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ТЭРГҮҮЛЭХ КОМПАНИ БОЛОХ “МАСДАР” КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛСЭН ЗАХИРАЛ АБДУЛАЗИЗ АЛЬ-ОБАИДЛИ-ТАЙ УУЛЗАВ

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

2023-06-21

41

Элчин сайд Ш.Одонбаатар Арабын Нэгдсэн Эмират Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарын тэргүүлэх компани болох “Масдар” компанийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Абдулазиз Аль-Обаидли-тай уулзаж, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломжуудын талаар дэлгэрэнгүй санал солилцож, тус байгууллагын үйл ажиллагаатай танилцав.

“Масдар” компани нь 2006 онд байгуулагдсан бөгөөд эдүгээ сэргээгдэх эрчим хүч, тогтвортой хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн тэргүүлэгч компаниудын нэг болсон байна.

Мөн “Масдар” компани Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотын зүүн өмнө хэсэгт элсэн цөлийн баян бүрд болох Масдар хотыг бүтээн байгуулж байгаа аж. Энэхүү хот нь хэвшмэл бус, өвөрмөц архитектуртайгаас гадна экологийн хувьд дэлхийн хамгийн цэвэр хот байх бөгөөд агаарт нүүрстөрөгч ялгаруулахгүй, зөвхөн цэвэр буюу сэргээгдэх эрчим хүчээр хангагдсан, жолоочгүй цахилгаан тээврийн хэрэгслүүдтэй, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн байгууллагуудтай, хүрээлэн буй орчинд хор хөнөөлтэй хог хаягдалгүй хот байхаар төлөвлөгдсөн ажээ.