МОНГОЛ УЛС, АНЭУ-ЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНУУД ХАРИЛЦАН ТУРШЛАГА СОЛИЛЦОВ
Монгол Улсын Гаалийн Ерөнхий Газрын Хяналт, бүрдүүлэлтийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Ц.Цэвээндарь, гаалийн улсын байцаагч Д.Ням-Осор, Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн гаалийн улсын байцаагч Д.Баярсайхан нар хоёр улсын Засгийн газрын хооронд туршлага солилцох үйл ажиллагааны хүрээнд 2025 оны 11 дүгээр сарын 4-6-ны өдөр АНЭУ-ын Абу Даби хот дахь Холбооны Гаалийн Газрын Үндэсний хяналтын төв (National Tracking Center) болон Дубай хотын Жебел Аль боомт дахь Гаалийн удирдлагын төвд зочилж, үйл ажиллагаатай нь танилцав.
Төлөөлөгчдийг Абу Даби хот дахь Холбооны Гаалийн Газрын Үндэсний хяналтын төвийн дарга Абдуллах Аль Калбани тэргүүтэй ажилтнууд хүлээн авч Ачааны машин, ачаа тээврийн хөдөлгөөнийг хянах үндэсний системийн тухай, түүний бүтэц, зохион байгуулалт, E-Lock буюу гааль, тээвэр, логистикийн аюулгүй байдлыг хангах зориулалттай ухаалаг түгжээний системийн талаар танилцуулав.
Мөн Дубай хотын Жебел Аль боомт дахь Гаалийн удирдлагын төвийн ахлах менежер Мариам Аль Мухайри тэргүүтэй холбогдох нэгжийн удирдлагууд төлөөлөгчдийг угтан авч гаалийн хяналтын талбайд ирсэн импорт, экспортын ачаа тээвэр, тээвэрлэгчийг нэвтрүүлэх үеийн гаалийн бүрдүүлэлтийг хэрхэн хийх, E-Lock-ийн бүртгэл хяналт, түгжээг эхлүүлэх, цуцлах үйл явцын талаар танилцуулж, монголын гаалийн хяналт бүрдүүлэлтийн талаар мэдээлэл солилцов.

