Элчин сайд А.Ананд Абу Даби хотноо зохион байгуулагдсан Жюү жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон баг, тамирчдаа хүлээн авч уулзав.
Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотноо 2026 оны 8 дугаар сарын 1–9-ний өдрүүдэд Жюү жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
Олон улсын Жюү жицүгийн холбоо (JJIF) болон Арабын Нэгдсэн Эмират Улсын Жюү жицү, холимог тулааны спортын холбооноос хамтран зохион байгуулсан тус тэмцээнд дэлхийн 45 улсын 1500 гаруй тамирчин оролцож, U14, U16, U18, U21, насанд хүрэгчид болон ахмадын ангилалд ур чадвар, бие бялдрын бэлтгэл, техникийн ур чадвараа сорин өрсөлдсөн юм.
Тус тэмцээнд Монгол Улсын баг, тамирчид амжилттай оролцож, нийт 19 медаль хүртсэнээс Монгол Улсын тамирчин Б.Хулан эмэгтэйчүүдийн +70 кг-ын жинд алтан медаль, Монгол Улс багаараа аваргын алтан цомыг тус тус хүртэв. Энэхүү амжилт нь Монголын жюү жицүгийн спортын нэр хүндийг олон улсын тавцанд өндөрт өргөсөн онцлох амжилт болов.
Элчин сайд А.Ананд тэмцээнд амжилттай оролцсон тамирчдыг хүлээн авч уулзах үеэрээ тэдэнд баяр хүргэж, Монгол Улсын нэр хүндийг олон улсын спортын тавцанд өндөрт өргөж буйд нь талархал илэрхийлэв.
Монгол Улсын нэрийг дэлхийн дэвжээнд өндөрт өргөж, эх орныхоо спортын амжилтад үнэтэй хувь нэмэр оруулсан нийт баг, тамирчдадаа баяр хүргэж, спортын их замналд нь улам өндөр амжилт хүсэн ерөөе.
Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суугаа
Элчин сайдын яам