images

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Т.ДОРЖХАНД АНЭУ-ЫН ДУБАЙ ХОТНОО БОЛСОН ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАНД ОРОЛЦОВ

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

2026-09-09

9

Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд 2026 оны 9 дүгээр сарын 7-9-ний өдрүүдэд АНЭУ-ын Дубай хотноо зохион байгуулагдсан AIM Congress 2026 буюу Олон улсын хөрөнгө оруулалтын чуулганд оролцов. “Тогтвортой, хүртээмжтэй ирээдүйд чиглэсэн хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг нээх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан тус чуулган нь дэлхийн төр, засгийн төлөөлөл, хөрөнгө оруулагчид, бизнесийн удирдагчид, инновац, технологийн салбарын төлөөллийг холбосон олон улсын хөрөнгө оруулалтын томоохон платформ юм.

Шадар сайд Т.Доржханд чуулганы нээлтийн ажиллагаа болон “Олон улсын удирдагчдын өндөр түвшний хэлэлцүүлэг”-т оролцож, дэлхийн эдийн засагт гарч буй өөрчлөлт, хөрөнгө оруулалтын шинэ боломж, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл, хөрөнгө оруулалтын боломжийн талаар байр сууриа илэрхийлэв. Түүнчлэн Хөрөнгө оруулалтын асуудлаарх сайд нарын дугуй ширээний уулзалтад оролцож, Монгол Улсын эдийн засгийн боломж, хөрөнгө оруулалтын орчин, эрчим хүчний салбарын шинэчлэл, ногоон шилжилтийн талаар танилцууллаа.

Шадар сайд Т.Доржханд АНЭУ-ын Гадаад худалдааны сайд Др. Тани бин Ахмед Аль Зейюдитай уулзаж, хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов. Мөн АНЭУ-ын Эрчим хүч, дэд бүтцийн сайд Сухайл бин Мухаммад Аль-Мазруи-тай хоёр талын уулзалт хийж, Монгол Улсын Эрчим хүчний яам болон АНЭУ-ын Эрчим хүч, дэд бүтцийн яам хооронд хамтран ажиллах тухай Санамж бичигт гарын үсэг зурав.

Санамж бичгийн хүрээнд талууд сэргээгдэх эрчим хүч, ногоон устөрөгч, цахилгаан эрчим хүчний дамжуулах болон түгээх сүлжээ, эрчим хүч хуримтлуулах систем зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Түүнчлэн цахилгаан эрчим хүч, ногоон устөрөгчийг бүс нутгийн зах зээлд экспортлох боломжийг судлах, туршлага, технологи солилцох, мэргэжилтэн бэлтгэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болов.

Түүнчлэн Шадар сайд Т.Доржханд Абу Даби хөгжлийн сан болон G42 группийн удирдлагатай уулзаж, эрчим хүчний салбарын шинэчлэл, сэргээгдэх болон ногоон эрчим хүч, хөрөнгө оруулалт, дата төвийн дэд бүтэц, тэдгээрийг найдвартай, цэвэр эрчим хүчээр хангах чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.